Мэндчилгээ

        Монголын Дифспортын Хорооны цахим хуудсанд зочилж буй эрхэм таны амар амгаланг эрье.

        Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын холбоодыг нэгтгэн шинэ зохион байгуулалтаар ажиллаж эхэлснээс хойш буюу өнгөрсөн хэдэн жилд бидний хийсэн ажил чамлахааргүй юм. 2013 онд Олон Улсын Диф Спортын Хорооны гишүүн болсноор тэр жилдээ Болгар улсын Софи хотноо болсон зуны XXII Дифлимпэд спортын дөрвөн төрлөөр гуч гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Ийнхүү Монголын сонсголын бэрхшээлтэй тамирчид 1997 оноос эхлэн зуны таван удаагийн Дифлимпэд оролцож, нийтдээ нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртээд байна. Энэ 2017 онд ээлжит Зуны Дифлимпийн 23 дахь наадам болно. Бид 21 хүний бүрэлдэхүүнтэй спортын дөрвөн төрлөөр оролцохоор бэлтгэлээ базааж байна.

        Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, монголын үндэсний олимпийн хороо, монголын паралимпийн хороо, спортын төрөлжсөн холбоодтой харилцаагаа бэхжүүлж хувийн хэвшлийн зарим байгууллагатай түншийн харилцаа тогтоон, Дифспортын хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна. Түүнчлэн 2013-2018 онуудад хэрэгжүүлэх ерөнхий зорилтоо томъёолж, энэ хүрээнд стратегийн үндсэн зорилтуудаа нарийвчлан боловсруулж, үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө, “Ханты-Мансийск- 2015”, “Самсун-2017” хөтөлбөр, хорооны гишүүдийн дагаж мөрдөх ёс зүйн дүрэм зэрэг баримт бичгүүдийг батлан хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгов. “Ханты-Мансийск- 2015” хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар ханган ажилласнаар өвлийн XVIII Дифлимпэд гүйлтийн цанаар анх удаа оролцлоо. Ингэснээр зуны болоод өвлийн спортыг эх орондоо нэгэн цул хөгжүүлж, Дифлимпийн хөгжил, түүний үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байна.

        2015 оны зун бид сонсголын бэрхшээлтэй иргэдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах гуравдугаар тэмцээн буюу Дифспортын олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Энэ тэмцээний эрэгтэй ангилалд манай тамирчин түрүүлснээр Азийн анхны аваргатай болсон юм. Мөн 100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 16-18 насны ангилалд манай тамирчин түрүүлсэн. Хүүхдийн Спортын V их наадмын хүрээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын анхны наадмаа хийлээ. Цаашид энэ наадам нь уламжлал болж Дифспортын тамирчдын залгамж халааг бэлтгэх спортын чухал арга хэмжээ байх болно. Мөн 2015 оны намар Азийн Дифспортын VIII наадамд оролцож, 2 мөнгө, 3 хүрэ медаль хүртсэн юм.

        Манай цахим хуудсанд зочилсноор Та Дифспортын тухай ерөнхий ойлголттой болж, манай Хорооны баримталж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, Олон Улсын Диф Спортын Хорооны дүрэм журамтай танилцаж, олон улсын болон дотоодын тэмцээн уралдаан, тамирчдын амжилтын тухай зэрэг цаг үеийн мэдээлэл авч байх болно. Түүнчлэн таны өгөх санал зөвлөмж, хандив тусламж нь бидний ажил, Монголын Дифспортын цаашдын хөгжилд нэн хэрэгтэй учраас таныг бидэнтэй байнга холбоотой байж, спортын нэн шинэхэн түүхийг хамтдаа бүтээхийг урьж байна. Танд сайн сайхан бүхнийг хүсье!

Ерөнхийлөгч Ж.Энхбаяр

Танилцуулга

Монголын Диф Спортын Хороо нь Монголын Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Спортын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, тэдгээрийг гадаад, дотоодод төлөөлөх, диф спортын төрлүүдээр тэмцээн зохион байгуулах, диф спортын шигшээ баг бүрдүүлэн гадаад, дотоодын тэмцээнд оролцуулах зэрэг удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 10-р сарын 25-нд байгуулагдсан болно. Эдүгээ Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн оюуны спортын хороо, Монголын дүлий иргэдийн хөлбөмбөгийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн холбоо, хөнгөн атлетикийн холбоо, волейболын холбоо, дугуйн холбоо, жудо бөхийн холбоо, буудлагын "Мэргэн холбоо" гэсэн спортын 10-н холбоо, олон зуун сонсголгүй тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Диф спортын гол байгууллага болж төлөвшиж байна.

Удирдах зөвлөлийн гишүүд

Ерөнхийлөгч Ж.Энхбаяр

MGL@ciss.org

Дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо

surenkhorloo@mgldeafsport.mn

Ц.Пүрэвдоо

purevdoo@mgldeafsport.mn

Н.Даваа

davaa@mgldeafsport.mn

Д.Баярмаа

bayarmaa@mgldeafsport.mn

Д.Баасандорж

baasandorj@mgldeafsport.mn

Ч.Баттогтох

battogtokh@mgldeafsport.mn

Эрхэм зорилго

Сонсголын бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдийн дунд Олимп болоод Дифлимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, тэднийг Диф спортын өвөл, зуны төрлийн бүхий л спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэх, спортоор дамжуулан тэдний нийгмийн оролцоог идэвхжүүлэх, тамирчдын спортын амжилтыг улс, тив, дэлхий, дифлимпийн хэмжээнд хүргэх явдал мөн.

Удирдах зөвлөл

Ерөнхийлөгч Ж.Энхбаяр
Дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо
Гишүүн Ц.Пүрэвдоо
Гишүүн Б.Даваа
Гишүүн Д.Баярмаа
Гишүүн Д.Баасандорж
Гишүүн Ч.Баттогтох

Гишүүнчлэл/Гишүүнчлэлийн зэрэглэлүүд, мөн хэрхэн гишүүнээр элсэх/

Монголын диф спортын хорооны дүрмийг хүлээн зөвшөөрч, үүрэг хүлээн татвар төлдөг этгээдийг гишүүн гэнэ.

Гишүүн нь 3 төрөл байна:
-байгууллага
-иргэн
-дэмжигч

Гишүүнээр элсэх хүсэлтээ бичгээр болон өөрийн биеэр тавьж болох бөгөөд холбогдох татвар хураамжаа төлж, гишүүний үнэмлэхээ авснаар хорооны шугамаар олон улсын болон дотоодын тэмцээнд оролцох эрх нээгдэнэ. Мөн гишүүд нь хорооноос зохион байгуулж байгаа сургалт, семинарт хамрагдах, спортын мэдээ материалыг хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй авах зэрэг давуу эрх эдэлнэ.

Диф спорт гэж юу вэ?

Диф буюу Сонсголгүй иргэдийн спорт гэдэг маань тэдний онцлогт тааруулсан дүрэм журмаар зохион байгуулдаг спортын төрлүүдийг нэрлэсэн ерөнхий нэр юм. Диф спортын тэмцээн уралдаанд шүгэл хэрэглэхгүй, гараанаас буун дуугаар хөдлөхгүй, бүрээ үлээхгүй, тэдгээрийг орлох шүүлтийн арга барил, зохицуулалтыг хийсэн байдаг. Түүнчлэн Дифлимпийн өвөл, зуны спортын төрөлд багтаагүй боловч сонсголгүй иргэдэд зориулсан тусгай дүрэмтэй л бол тухайн спортыг Диф спортын төрөлд багтаан ойлгож болно.

Дифлимпийн өвөл, зуны наадмын тухай товч ойлголт өгөхгүй юу?

Дифлимпийн тухайд товчхон өгүүлбэл, Зуны Дифлимп нь спортын 20 төрлөөр, өвлийн Дифлимп нь спортын 5 төрлөөр дэлхийн орон орны сонсголын бэрхшээлтэй тамирчдын хурд, хүч, цэц мэргэ, авхаалж самбаагаа сорьдог наадам билээ. Их Олимп, Паралимпийн нэг адил дөрвөн жил тутамд болдог, ялгаа нь гэвэл Олимпийн дараа сондгой тоотой жил зохион байгуулаад хэвшжээ. 1924 онд Францын Евгений Рубенс, Бельгийн Антуан Дресс нарын үүсгэл санаачилгаар Олон Улсын Диф Спортын Хороо байгуулагдаж, мөн онд Францын Парис хотноо 9 орны 148 сонсголын бэрхшээлтэй тамирчид оролцсон “Олон Улсын Чимээгүй Спортын Наадам” болсон нь өнөөгийн Дифлимпийн эхлэл болсон юм. Зөвхөн Их Олимпийн дараа л орох урт бөгөөд баялаг түүхтэй сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын наадам нь 2000 оноос Дифлимп хэмээгдэх болж, түүнээс хойш хамрагдах спортын төрөл, оролцогч орон, тамирчдын тоо байнга өсч ирлээ.

amazon
android
bitly
blogger
dnn
drupal
ebay
google
ibm
ios
joomla
linkedin
mac
mac
mac
mac
mac
js slider